Thursday, December 18, 2008

Ерөнхий сайд С.Баяр ерөнхийлөгч болохыг хүссэнгүй

Хамтарсан засгийн газар байгуулагдсанаас хойш 100-н хоног өнгөрчээ. Монгол улсын ерөнхий сайд С.Баяр 100 хоногийн ажлын тайлангаа ард түмэндээ танилцуулахын зэрэгцээ МАХН-ын дотоод асуудал болоод удахгүй болох намынхаа бага хурлаар хэлэлцэх намын ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо, 2009 онд ерөнхийлөгчид намаасаа хэнийг нэр дэвшүүлэх тухай асуусан сэтгүүлчдийн асуултанд хариулжээ.



Тэрээр хэлэхдээ “Удахгүй болох намын бага хурлаар сонгуульд оролцохдоо манай намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх шатны намын байгууллагуудын хүлээх үүргийн тухай хэлэлцэхийн зэрэгцээ намын шинэ ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно. Намын ерөнхий нарийн бичгийн даргын сонгуулийг олон нийт хамгийн ихээр сонирхож байна. Хэвлэлүүдээр У.Хүрэлсүх, Сүхбаатар, Гантулга, Барсболд, Шийлэгдамба нарын нэрс дурьдагдаж байгаа харагдана лээ. Би тэр энийг намын ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж байгаа гэж одоо хэлэхгүй. Гэхдээ би одоогоор хариулж болох юмандаа л тодорхой хариулъя. Шалгуур бол тодорхой.

Улс төрийн болон ажил хэргийн гэсэн уламжлалт хоёр шалгуураа л барина даа. Чухам хэнийг сонгох вэ гэдгийг дотроо нухацтай ярилцаж байгаад л шийднэ. Ингэж нухацтай хэлэлцдэг нь манай намын тогтсон уламжлал юм. Мөн намын бага хурлаар удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас хэний нэрийг дэвшүүлэх бол гэсэн таамаг яригдаж байгаа. Үүнийг хэн нэгэн дарга биш, намын хамт олон л мэддэг асуудал. Энэ бол бас л намын маань үндсэн зарчим, тогтсон уламжлал. Намайг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа гэсэн яриа гарсан байсан. Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй ээ. МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэдгээр олон зорилтыг хангах, тэр том ажлыг эхлүүлэх, хийх, гүйцээх гол үүрэг МАХН-ын дарга, Ерөнхий сайд миний нуруун дээр тохоостой байгаа. Үүнийгээ орхиод ийш тийш элдвийг хайн гүйж, дэвшиж өрсөлдөж болно гэж бодохгүй байна” гэж хариулжээ. Ийнхүү МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших магадлал хамгийн өндөртэй гэгдэж байсан Ерөнхий сайд С.Баяр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

0 comments:

Blog: http://soyomboo.blogspot.com
Холбоо барих by Soyomboblog@gmail.com

Visionary WordPress Theme by Justin Tadlock Powered by Blogger, state-of-the-art semantic personal publishing platform