-Шүүгдэгч нарын ар гэрийнхэн Э.Бат-Үүл гишүүнтэй уулзжээ-Долдугаар сарын 1-нд болсон үймээний хэргээр шүүгдсэн 200 гаруй иргэдийн ар гэрийнхэн өршөөлийн хууль батлахыг шаардан Төрийн ордны гадаа тэмцэж байгаа билээ. "Өршөөлийн хууль баталж, ард иргэдээ суллаач" гэсэн утга бүхий лоозон, уриа барьсан 50 гаруй охид, эмэгтэйчүүд сар шахам ийнхүү ордны хашааг манан зогсож байна. Нөхөр, хүүхдээ суллахыг шаардан зогсох эдгээр иргэд өчигдөр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй уулзжээ. Энэ талаар Г.Саранцэцэгээс тодрууллаа. Тэрбээр нялх хүүхэдтэй ч нөхрөө суллахыг шаардан өдөр өнжихгүй ийнхүү тэмцэж байгаа аж.
-Та нар Э.Бат-Үүл гишүүнд ямар хүсэлт тавьсан бэ?
-Бид төрийн тэргүүн болон шийдвэр гаргах түвшний хүмүүстэй уулзаж Монголын ирээдүй болсон залуусаа суллахыг шаардаж байна. Э.Бат-Үүл гишүүнд хэлмэгдсэн иргэдийг өршөөлийн хуулинд хамруулж, суллаач гэсэн хүсэлт тавилаа. Гишүүн бидний хүсэлтийг хүлээн авч уулзсан. Гэхдээ тэмцэж байгаа иргэдийг ордонд оруулах журам байхгүй хэмээн гадаа уулзлаа. Тэрбээр "Он гарахаас өмнө өршөөлийн хууль батлагдах байх. Энэ асуудал яригдаж байна. Гомдол шүүмжлэлтэй байгаа асуудлаа бичгээр өгөөрэй" гэсэн.
-Одоогоор ямар, ямар албан тушаалтан та нарыг хүлээн авч уулзаад байна вэ?
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, шүүх, прокурорын газрын дарга нартай уулзсан. Олон зуун иргэдийг ялласан шүүх хурал шударга бус явагдсан тул өгсөн ялыг хөнгөлж өгөхийг шаардсан юм. Харин нааштай хариу өгөөгүй. Шүүх үнэн зөв шийдвэр гаргаж байгаа. Тиймээс дахин энэ асуудлыг авч хэлэлцэх боломжгүй гэсэн.
-Хэлмэгдсэн гэж яриад байгаа. Энэ талаар тодруулаач?
-Эдгээр хорих ял авсан хүмүүс дотор үймээнд оролцож чулуу шидсэн хүн ч байгаа. Чулуу шидэх нь битгий хэл Сүхбаатарын талбай ч ороогүй иргэд бий. Зурагт, Хороололд явж байсан гэмгүй хүмүүсийг баривчлаад ял оноосон шүү дээ.
-Хоригдож байгаа шүүгдэгч нар өлсгөлөн зарлана гэж ярьсан гэсэн?
-Олон хүн тэгж ярьж байгаа. Гэхдээ би нөхөртэйгээ ойрын хугацаанд уулзаагүй. Одоогоор өлсгөлөн зарлах эсэхээ тэгж шийдээгүй байх. Учир нь бид хоригдож байгаа нөхөр хүүхдүүдээ хүлээж байна. Өршөөлийн хууль батлагдана гэж биднийг тайвшруулаад байх юм. Ямар ч байсан он гарахаас өмнө өршөөлийн хууль батлагдах байх гэж найдаж байна. Хэрвээ батлагдахгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно. Бид айхгүй байна. Амь хайрлахгүй тэмцэх болно. Өлсгөлөн зарлах нь битгий хэл гэрээслэлээ бичээд амиа хорлоно гэж ярьж байгаа иргэд олон байна гэв.


0 comments:
Post a Comment