Семинар сургалтад оролцож буй аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт яамдын сайд нартай нүүр тулан уулзаж зовлон жаргалаа хуваалцах боломж өнөөдөр тохиолоо. УИХ-ын дэд дарга Н.Энхболд болон Байгаль орчин, аялал жуулчлал, Хуульзүй дотоод хэрэг, Зам тээвэр, барилга, хот байгуулалт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нар үдийн завсарлагаас өмнө уулзалт зохиож санал бодлоо чөлөөтэй солилцов.2007 онд улсын төсвөөс 16 аймаг санхүүжилт авч байсан бол ирэх онд 11 болон буурч байгаа нь сайн хэрэг боловч аймаг нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт асар их үүрэг хариуцлага оногддогийг УИХ-ын дэд дарга өгүүлээд төсвийн сахилга хариуцлагыг бат сахиж ажиллахыг захив. Тун удахгүй хэрэгжиж эхлэх Төрийн албаны тухай хууль хэрэгжээд эхэлмэгц хөдөө орон нутагт анхаарууштай асуудал урган гарч буйг аймгуудын дарга нар энэ үеэр өгүүлж байлаа. Аймаг сумын ИТХ-д төрийн албан хаагч нар цөөнгүй сонгогджээ. Тэдэнд төрийн албаа өгөх үү, ИТХ-аасаа татгалзах уу гэсэн асуудал тулгарна. Төрийн албаа өгчихжээ гэхэд ажилгүй ИТХ-ын төлөөлөгч хэр нэр хүндтэй байх нь тодорхойгүй. ИТХ-аас татгалзчихвал нөхөн сонгуулийн асуудал гарах магадлалтай гэдгийг хэд хэдэн аймгийн дарга нар, тэр дундаа төрийн албаны хуулийг гар өргөн баталсан УИХ-ын экс гишүүн Я.Санжмятав ч хөндөн ярьсан юм. Ер нь дээд газрын шийдвэр амьдрал хоёр зөрөх тохиолдол ганц энэ биш ажээ. Гэхдээ Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат нарын зарим дарга нар орон нутгийн сонгуульд өрсөлдөхдөө л энэ сонголтыг хийчихсэн байх учиртай гэсэн байр суурьтай байсан. Мөн аймгийн төвийн багийн дарга нар дээд боловсролтой байхаар хуульчилсан нь оновчтой заалт биш ажээ. Тусгай дунд боловсролтой ч дээд мэргэжилтнээс дутахгүй чадварлаг хүмүүс энэ заалтаас болж хэлмэгддэг байна. Ер нь аливаа хуулийн цоорхойг хамгийн түрүүн мэдэрдэг, зовлон жаргалыг нь амсдаг хүмүүс нь хөдөөгийн дарга нар гэнэ. Аймгуудын шүүх орон нутгийн сонгуулийн үеийн гомдлын материалаар дүүрч, сүүлдээ шүүгч нарынх нь толгой эргэж хоцорсон байна. Үүнийг сонссон Хууль зүй, дотоод хэргийн сайд “Хөдөөд хоёр нам талцан хуваагддагаа одоо орхиоч ээ. Талцлаас хожсон нэг ч хүн үгүй. Тиймээс ажлаа сайн гүйцэтгэхэд л анхаар” хэмээн хатуухан сургамж айлдсан. Аймгуудад цагдаагийн кобаныг олноор барьж байгуулахыг сайдаас аминчлан хүссэн юм. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор ОХУ руу гарахад асар хүндрэлтэй болсон тухай Засаг дарга С.Хавал өгүүлээд үүнийг хөнгөвчлөхийг сайдаас хүсэв. Хилээр нэвтрэхэд хамгийн хүнд сурталтай нь ОХУ гэдгийг сайд хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнийг хөнгөвчлөх талаар ОХУ-ын холбогдох хүмүүст арав гаруй удаа дуулгаад ч тусыг эс олсноо дурдсан. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга 40 мянган айлын орон сууц барихаар төлөвлөснөөс 37 мянгыг нь барьж босгосноо дуулгаад ирэх дөрвөн жилд 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо аймгийн дарга нарт дуулгав. Хөдөөд орон сууцны хэрэгцээ хотоос ч илүү байдаг бөгөөд гагцхүү хамтын ажиллагаа үгүйлэгддэг байна. Ирэх дөрвөн жилд Хятадын Өрөмчөөс ОХУ-ын Забайкальскийг холбосон хоёр урсгалтай зам, Замын-Үүдээс Алтанбулаг хүртэл 990 км хурдны зам тавигдахын дээр 2100 км Мянганы зам тавигдана. Энэ мэт хийх бүтээх их ажлыг хамтын хүчээр, эв эеэр даван гарахыг хамтарсан Засгийн газрыг гишүүд аймгуудын дарга нарт онцгойлон захилаа.


0 comments:
Post a Comment