Thursday, December 18, 2008

Н.Энхбаяр: Ерөнхийлөгчид нэр дэвших асуудлыг ярилцаж байж шийднэ

Ерөнхийлөгч Н.Энхбаяр өчигдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Уулзалтын зорилго нь Хэвлэлийн хүрээлэнгийн 5000 дахь хэвлэлийн бага хурлын хүндтэй зочны үүрэг гүйцэтгэх ажлаа тэрбээр жил бүр 100 сэтгүүлчтэй хийдэг уулзалттай хамтатгах явдал байв.





Ирэх онд Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болж, олон хүний хувьд дараагийн сонгуульд ч бас өрсөлдөх нь гарцаагүй гэдэг таамгийн эзэн болсон тэрбээр 2008 онд хийж гүйцэтгэсэн ажлаа сэтгүүлчдэд товхимол болгон тараасан юм. Түүнээс нь ишилбэл долдугаар сарын 1-ний үймээний үеэр “Би ард түмэндээ хандаж, монголчууд ухаантай, эвтэй нэгдэлтэй байж чадна гэж найдаж байгаа. Тиймээс энэ хууль бус үйл ажиллагааг явуулж байгаа хүмүүст хандаж энэ үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна. Хэрэв энэ ажиллагаагаа зогсоохгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байдаг алхам хийх шаардлага гарч магадгүй гэж ойлгож байна. Тийм алхам хиймээргүй байна.

Гэвч шаардлага гарвал хийнэ. Ингээд сонгуулийн будилаантай асууд­лын талаар хуулийн дагуу асуудлыг шийдье. Эмх замбараагүй байдлыг зогсооё. Эв эеэ хичээе. Үүнийг төрийн тэргүүн хангахын төлөө ажиллах болно. Бүх зүйлийг бид харж, мэдээлэл авч, хяналтандаа байлгаж байна. Гэхдээ энэ нь хэрээс хэтэрч хууль зөрчиж байгаа учраас би аргагүйн эрхэнд монгол түмэндээ хандаж энэ үгийг хэлж байна. Монголд төр байгаа, хуулийн дагуу бүх байгууллагууд ажиллах ёстой. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой” хэмээн хэлснээ юун түрүүнд тодотгосон байв.

Түүнчлэн улс төр, эдийн засаг, нийгэм, хууль, орон нутаг, гадаад бодлого гээд бүхий л салбарт хүрч ажиллахын зэрэгцээ өнгөрсөн жилийн хугацаанд Монгол Улсын 100 орчим суманд хүрч иргэдтэй уулзахын тулд 100 гаруй хоног зарцуулсан гэдгээ ч тодотгоод авсан юм. Ингээд энэхүү “Ерөнхийлөгч ба 100 сэтгүүлч-2008” уулзалтын үеэр болсон чөлөөт ярилц­лагаас сонирхуулъя.

-Та ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

-Миний хувьд өнөөдөр албан ту­шаал сонирхож, томилогдох гэж явдаг үе өнгөрсөн. Би төрийн дээд албан тушаалын аль алиныг нь хашсан. Цаашид би албан тушаал бус амжил­тыг цуглуулна. Учир нь, би тухайн амжилтыг нэг хүний бус ард түмний амжилт гэж боддог. Иймд энэ асуудлыг ярилцаж байж шийднэ байх.

-Долдугаар сарын 1-нд онц байдал зарласанд олон хүн таагүй ханддаг. Энэ асуултад та ямар хариулт өгөх вэ?

-Ерөнхийдөө би тэр үед онц байдал зарласан явдлыг ард түмний дийлэнх нь дэмжсэн гэж үздэг. Хэрэв тухайн үед онц байдал зарлаагүй бол тэр үймээн самуун зөвхөн Улаанбаатар хотын нэг дүүрэг бус манай улсын өнцөг булан бүрт үүсэх байсан. Цаг хугацааны хувьд би олон зүйлийг тодруулах гэж үзсэн. Онц байдал зарлахдаа ч дургүй зарласан. Гэвч тэр үед Монголын ард түмэнд ухаан бай­гаа гэж найдахдаа намайг битгий онц байдал зарлуулаач гэж хэлж байсан. Тэр бүхний дараа Ерөнхий сайд болон хуулийн байгууллагынхан дахиж хү­сэлт тавьснаар зарласан. Түүнээс бус би хувь хүнийхээ хувьд зарлахыг хүсээгүй. Надад ч бас онц байдал зарласан тэр долоо хоног дөрвөн жил юм шиг санагдаж, нүүрний үрчлээс нэмэгдэж, үс ч их цайсан байх. Гол нь онц байдал зарласнаар ард түмний сэтгэл л өөрчлөгдсөн байгаасай гэж боддог.

-УИХ-аас Өршөөлийн хуулийг мөддөө батлахгүй бололтой. Та уучлал үзүүлж болдоггүй юм уу?

-Би юун түрүүнд хүүхэд, эмэг­тэйчүүдэд ялгавартай хандаж, тэднийг өршөөж, уучлах хэрэгтэй гэж бодож байгаа. Гэхдээ би хүсэх, хэрэгжих хоёрын хооронд ялгаа бий. Сэтгэлийн хөөрлөөр төрийн ажлыг хийж болдоггүй. Ерөнхийлөгчид уучлал үзүүлэх эрх бий. Үүний тулд хүн бүрийг судалж, уучлал үзүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн хувьд шүүхийн үйл ажиллагаа хараа­хан дуусаагүй байгаа учраас шууд оролцох боломжгүй юм.

-Манай улсын банк санхүүгийн салбар эхнээсээ хямарч байна. Энэ талаар?

-Манай банкууд олон улсын банк санхүүгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй. Гэсэн ч банк доголдож байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газар, УИХ-аар иргэдийн хадгаламжийг зуун хувь баталгаатай болгохын тулд ажиллаж байгаа. Юуны өмнө банк муу менеж­ментээс болж хямарсан эсэхийг тод­руулах хэрэгтэй. Тийм бол хариуцлага тооцох нь зөв. Миний хувьд банк хямралаа гэхэд төр болон иргэд хохирох бус харин эргээд эрүүлжээд хямралыг даван туулдаг болгохын тулд тусгай, бие даасан агентлаг байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн төр хямралын үед авах арга хэмжээний жагсаалтыг гаргах хэрэгтэй. Үндсэндээ манайх гаргасан байгаа. Тэр жагсаал­тыг үр дүнтэй болгохын тулд Монгол­доо урдаа барьдаг мэргэжилтнүүдийн саналыг ч давхар авч эхэлсэн.

-Ашигт малтмалын талаар ямар бодолтой байна?

-Бид эдийн засгийн хувьд стра­тегийн ач холбогдолтой орд газрын жагсаалтыг гаргасан. Үүний адил байгаль орчинд стратегийн ач хол­богдолтой орд газрын жагсаалтыг гаргаж хамгаалалтад авах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол Хөвсгөл далай, Богд уул, Алтай таван богд руугаа дайраад байж болохгүй. Мөн цаг алдалгүй орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй байна. Манайхан боломжийг алдсан гэдэг утгаараа муу дүн аваад байгаа. Цаа­шид ингэж хугацаа алдаж болохгүй. Гэхдээ мэдээж бас яарах хэрэгтэй гээд алдаа гаргах эрх бидэнд байхгүй.

Стратегийн орд газрын тухайд би Эрдэнэтийн жишээг ашиглах нь илүү оновчтой гэж үздэг.

-Таны “Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг үгийг чинь одоо “Эвтэй байх­даа эвгүй” гэж ашиглах болсон бай­на. Энэ нь өнөөгийн улс төрийн нөх­­­цөл байдлаас гарсан үг болов уу?

-Би эвтэй байх хэрэгтэй гэдгийг аль болох ард олондоо захидаг. Н.Түвшинбаярыг Олимпийн аварга болоход нэг талдаа С.Баяр сайдыг, нөгөө талдаа Ц.Элбэгдоржийг хөтлөөд гарч ирж баярлаж л байсан. Мөн жил бүр цагаан сарын үеэр намын дарга нартай уулзаж, санаа оноогоо солилц­дог. Бид эвтэй байх хэрэгтэй. Миний хэлсэн үгийг хүмүүс олон тийш нь хувиргадаг юм билээ. Олимпийн үеэр хэлсэн “Азтай Монгол” гэж хэлсэн үгээр минь хошин шогийн тоглолт хийсэн байна гэж дуулсан. Үзвэл бас сонин л байх. Эвтэй байхдаа эвгүй гэдэг үгийн тухайд үнэхээр бас өнөөгийн улс төрийн талаарх таагүй сэтгэгдлийн илэрхийлэл байж болох юм. Бас их сонин талаас нь харсан байна.

-Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юм шиг санагдаж байна. Энэ талаар?

-Би хувьдаа засаглалын хэлбэрүүдээс аль нь ч байж болно гэж боддог. Хамгийн гол нь хариуцлагатай засаглал л хэрэгтэй.

0 comments:

Blog: http://soyomboo.blogspot.com
Холбоо барих by Soyomboblog@gmail.com

Visionary WordPress Theme by Justin Tadlock Powered by Blogger, state-of-the-art semantic personal publishing platform