Thursday, December 18, 2008

1929 оны хямрал юунаас болсон, америкчууд түүнийг хэрхэн давсан бэ?

АНУ-д эдийн засгийн хямрал болж байна. Хачирхалтай нь, манайд хямрахаар юмны үнэ өсдөг бол энд бензиний үнэ өдөр ирэх тутам л буурсаар байх юм. Ажилгүйдэл өсөхөд худалдан авах чадвар буурч, юмны үнэ дагаад унадаг юм байх. Тээр жил, капиталист ертөнц ялзарч байгаа тухай байнга ярьдаг байсан үед Англид байсан манай нэг дипломат “ингэж нэг ялзрах юм сан” гэж дуу алдаж байсан тухай онигоо төсөрхөн нийтлэлч Баабараас сонссон, одоо харин эдний энэ бензиний үнийг хараад яг түүн лугаа “ингэж л хямрах юм сан” гэж хэлмээр байна шүү.

Одоо энэ болж байгаа хямралыг хүмүүс цар хүрээгээрээ 1929 оны “Их хямрал”-тай дүйцэхүйц, зарим нь бүр ч илүү том хэмээн харьцуулан хэлэлцэж байгаа тул чухам тэр “Их хямрал” гээч нь юу болсон, түүнээс АНУ хэрхэн гарсныг бичвэл сонин, бас манайханд сургамжтай байж болох санагдав.
Эдийн засагч биш атлаа энэ тухай бичиж байгааг минь бүү өөлөн бодоорой, энэ явдал өнгөрөөд наяад жил өнгөрчихөж байгаа тул аль хэдүйн түүх болсон, энд тэндхийн ном сурах бичгүүдэд шинжээчдийн дүгнэлт нь орчихсон, тэр үеийн бүх акт, баримтууд нууцлалаас гарчихсан тул мэргэжлийн хүний анализаар биш зүгээр л эвлүүлэн бичигчийн үүднээс нухацтайхан номоос шүүрдэн уншихад л ерөнхий үнэнийг уншигчиддаа хүргэж чадах юм.
Херберт Хүүверийн үе буюу хямралын оршил
Бал сараа Монголд, Их Хүрээнд өнгөрөөж асан, өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч болсноосоо хойш л хэмээн үл тодотговол Монголд айлчилсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болох Херберт Хүүвер 1928 онд Худалдааны сайд байхдаа Бүгд найрамдах намаас төрийн тэргүүнд нэр дэвшжээ. Тэрбээр “Бид удахгүй ядуурал гээчийг энэ улсад үгүй болгоно” хэмээн тунхаглаж байлаа. Хориод онд хэдий өнгөн дээрээ хүмүүс баян, эдийн засаг сайн мэт харагдаж байсан ч зарим үйлдвэрлэл, тухайлбал, хөдөө аж ахуй, төмөр зам, уул уурхайн салбарт байдал хүнд байжээ. 1929 онд Америкийн нийт айл өрхийн 71 хувь нь жилийн 2500 ам.доллараас бага орлоготой байсан нь хэрэгцээний хамгийн бага хэмжээнд ч хүрэхгүй байсан хэрэг. Гэвч америкчууд тэр үед олноороо баясч цэнгэн, тансаг хэрэглээндээ анхаарч, айсуй хямралыг огт үл хайхарч байсан гэдэг. (Манайхны одоогийн энэ их үнэтэй гар утас, жип машин, төлбөрөө төлж чаддаггүй оюутнуудын шинэ жилээр өмсдөг зуу зуун ам.долларын даашинз, энэ бүгд арай хямралын цондон биш байгаа даа?)
Хориод оны эхээр үйлдвэрүүд хөгжиж, сайн ажиллаж байсан тул бүтээгдэхүүн их гаргасан, харин дундаж иргэдэд түүнийг нь авах хөрөнгө байгаагүй учраас агуулахууд бараагаар хахаж эхлэв. Зарим нь кредитээрээ бараа авсаар байсан боловч сүүлдээ төлж дийлэхээ болиод худалдан авахаа байжээ. Зарагдаагүй бараа улам бөөгнөрөх болов. АНУ тэр үед маш их бараа үйлдвэрлэдэг, өөрийнх нь ард түмэн худалдан авахгүй ч гадаадад ихээр нь гаргадаг улс байж. Гэтэл гадаад улсууд мөн эдийн засаг нь хямарч, Америкийн барааг авахаа болив. Өнөөгийн Хятад Улсын байдал бас иймэрхүү байна гэж мэргэжилтнүүд ярих юм. Хятадын дундаж иргэд худалдан авах чадвар сайнгүй ч гадаадад олноор нь гаргадаг учраас үйлдвэрлэл өндөр байдаг аж. Гэтэл гол худалдан авдаг улсууд нь одоогийн энэ хямралд өртсөнөөр “Made in China” гэсэн бүтээгдэхүүнүүд Хятаддаа л ихээр бөөгнөрч байгаа сурагтай.
Байдал АНУ-д тийм байсан авч бирж дээр үнэ өссөөр байж. Чадалтайхан америкчууд хувьцаа маш их худалдан авч байлаа. Учир нь хямд аваад илүү үнээр зарж ашиг олж байв. Хөрөнгө оруулагчдад бас хувьцааг урьдчилгаа мөнгө өгөөд, үлдсэн төлбөрөө зээлээр төлдөг систем үйлчилж байв. Хувьцааны үнэ өсч байгаа тохиолдолд энэ нь ашигтай, харин үнэ унахад авснаасаа хямдаар зарах тул тэд өрөө төлж чаддаггүй байжээ. Ийм олон асуудал байсаар атал 1928 онд Хүүвер хөгжил дэвшлийг амлан, огт ядууралгүй болгохоо ярьсаар Ерөнхийлөгч болов.

Хар пүрэв, хар даваа, хар мягмар
Ингэхэд ер нь ганц цагаан өдөр байж уу, тэр үед? Нэг л их хар өдрүүд. 1929 оны есдүгээр сарын 3-ны өдөр Нью-Йоркийн бирж дээр хувьцааны үнэ дээд цэгтээ тулжээ. Yүнээс хойш тасралтгүй буурлаа. Аравдугаар сарын 23-ны өдөр үнэ бүр огцом унав. Маргаашнаас нь эхлэн бүгд л хувьцаагаа зарахаар оролдож эхлэв. Ингээд маргааш нь, 24-ны хар пүрэв гэгддэг өдөр 12 сая 900 мянган хувьцаа арилжаалагдаж рекорд тогтоосон байна. Уг нь хүн бүр зарж байгаа тохиолдолд үнэ унаж, худалдан авагчдад ашигтай байх ёстой, гэвч үнэ тийм огцом буурч байсан тул худалдан авагчид болгоомжилж эхэллээ. Тэгээд аравдугаар сарын 28-ны хар даваа гарагт үнэ улам унаж, бүр тэрнээс пад хар, гялайх ч юмгүй алдарт мягмар гарагт 16.4 сая хувьцаа, нэг сарын өмнөхтэй харьцуулахад хавьгүй хямд үнээр арилжаалагдсан байна. Их хямрал хэмээх айхтар үеийн анхны алхам нь энэхүү биржийн алдагдал байсан юм.

Банк яагаад дампуурав?
Банкнаас баахан зээл авч, хувьцаа худалдаж аваад байсан улс бирж дампуурахаар банкныхаа хүүг нь байтугай өрийг төлж чадахаа болив. Банк мөнгөөр дутагдаж эхэллээ гэдэг мэдээ хүмүүсийн дотор маш хурдан тархаж, хадгаламж эзэмшигчид бүгд мөнгөө бүрэн дээр нь авахаар өөр өөрийн банк руу ухасхийлээ. Гэнэт бүх хүн мөнгөө авна гэхээр банк ямар мөнгийг нь зүгээр агуулах адил хадгалж байдаг газар биш, бүх хэрэглэгчдийнхээ хадгалуулсан мөнгийг нэг дор гаргаж өгч чадсангүй. Хүний мөнгө авчихаад эргүүлж өгөхгүй байгаа банкууд хаалгаа барихаас өөр замгүй болжээ. 1933 оны гуравдугаар сар гэхэд даруй есөн мянган банк дампуураад байлаа.

Дараачийн ээлж – бизнесийнхэн
Мөнгөгүй болсон улс бараа худалдаж авахаа байчихав. Мөнгөтэй нэг нь ч үрэлгэн байхаа больж, хямралаас эмээн, шинэ юм худалдаж авахаа больжээ. Yүний дүнд бизнесийнхэн зуу зуугаараа дампуурч эхлэв. Маш олон газар амиа зогоож байхын тулд ажилчдаа цомхотгох боллоо. Yр дүн нь тодорхой, 1933 он гэхэд ажилгүйдэл 25 хувьд хүрэв. Ажилгүй болсон хүмүүс байрныхаа ч мөнгийг төлж дийлэхээ больж, АНУ даяар сая сая хүн орон гэргүй, өлөн зэлмэн амьдрах болов. Нэг бүдрэхээр долоо бүдэрнэ гэдэг л энэ болов уу? 1929 оноос дэлхийн II дайныг хүртэл үргэлжилсэн энэ хэцүү үеийг түүхэнд Их хямрал хэмээн нэрийддэг юм.

Хүүвер олигтой юм хийсэнгүй
Цаг цөвүүн болоход америкчууд Ерөнхийлөгчөө харжээ. Гэвч Хүүвер яг л бусад Бүгд найрамдахчуудын адил төрийн оролцоо эдийн засгийг муутгана хэмээн консерватив маягаар сэтгэдэг нэгэн байлаа. Жишээлбэл, ядууст тусламж олгох нь тэднийг төрөөс хэт хараат болгоно хэмээн огт юм шагайлгасангүй. Өлөн зэлмэн байдал нэмэгдэх тутам иргэд Хүүверийг буруутган, хоосон халаасаа эргүүлснийг Хүүверийн далбаа, орон гэргүй хүмүүсийн сууринг Хүүвервилл буюу Хүүверийн тосгон хэмээн нэрийдэх болов.

Ардын хөдөлгөөнийг тарааснаар алдар нэрийг нэгэнт алдав
Гай газар дороос гэгчээр угаасаа үнэ хүндээ алдаж байсан Ерөнхийлөгчийн нэр 1932 оны зун болсон нэгэн явдлаар бүр ч газарджээ. Конгресс дэлхийн нэгдүгээр дайны ахмад дайчдад тусгай тэтгэвэр олгоно хэмээн амласан байв. Тэрхүү тэтгэлэг нь 1940 оноос хойш тараагдах ёстой байсан боловч ажил, мөнгөгүй дайчид мөнгөө урьдчилан авахыг хүсчээ. Ингээд тавдугаар сараас эхлэн нэгдсээр, 14-15 мянган ахмад дайчин Вашингтон хотноо цуглаж, хотын гадуур буудаллан тэтгэврээ шаардаж байлаа. Хүүвер, сенат хоёр гэтэл тэр хуулийг баталсангүй. Энэ ч яахав, шаардсан мөнгө болгоныг өгөх ч бас албагүй юм. Хамгийн гол нь ихэнх дайчид цөхрөн нутаг буцсан хойно цөөн хэдэн мянга нь үлдэн эсэргүүцлээ илэрхийлсээр байсныг засаг хүчээр тараахаар шийдсэн байна. Манайхаар бол онц байдал маягийн юм болж, генерал Дуглас МакАртурын удирдсан цэргүүд долдугаар сарын сүүлээр эсэргүүцэгчдийг тараахаар орж ирэв. Тэмцэгчдийг хүчээр тараасан энэ явдлын үеэр нэг ахмад дайчин буудуулан нас баржээ (Манайд хэд буудууллаа?). Ард түмний санаанд мэдээж энэ нь огт нийцсэнгүй. 1932 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хөөрхий Хүүвер ердөө зургаахан мужид ялалт байгуулж, бусад бүх мужид Ардчилсан намаас нэр дэвшигч Франклин Делано Рузвельтэд цэвэр тавиулав.

Хамгийн эхлээд банкийг аврав
Овог нэрийнхээ эхний үсгүүдээр алдаршсан ФДР дөнгөж сонгогдонгуутаа шууд арга хэмжээ авч эхлэв. Хамгийн эхлээд тэрбээр “Банкны амралт” гээчийг зарлан, сайн муу, баян ядуу бүх банкийг түр хугацаагаар хаажээ. Yүнийхээ дараа юутай ч дампуурчихааргүй цөөн сайн банкуудыг л ахин нээсэн байна. Ингэхдээ банк хэцүүдвэл цаана нь иргэдийг хохиролгүй болгох банкны даатгалын системийг бас буй болгосон байна.

ФДР “хошгируулсан нь”
Рузвельт банкны амралтын дараа цөөн хэдэн сайн банкийг дахин нээхийнхээ өмнө ард олонд хандан уриалга үг хэлсэн юм. Тэрбээр дотно аялгаар, нөхөрсөг сайхан ярьж байлаа. “Та бүхэнд одоо хамгийн шилдэг банкуудыг нээж байна. Тэдэнд та итгэж болно.
Мөнгөө гудсан дороо хадгалснаас банкинд тавих нь хавьгүй аюулгүй шүү дээ” гэх мэтээр ярьсан энэ үг нь ФДР-ын ард түмэнд зориулан хэлсэн цуврал олон үгийн хамгийн эхнийх байлаа. Вашингтон хотноо байдаг Рузвельтийн дурсгалын цогцолбор дээр радиогоо тун хянамгай сонсон суугаа нэгэн эрийн баримал бий. Улстөрч хүний хамгийн чухал чанарын нэг нь хүнд итгэл төрүүлэхүйц сайхан ярьдаг байх чадвар юм.
Манайд харин улстөрчдийн сайхан ярьдаг чанарыг сул тал нь мэтээр ойлгоод байх шиг. ФДР-ыг үг хэлсний маргаашнаас эхлэн банкинд хүмүүсийн тавих мөнгөний хэмжээ авах хэмжээнээс хавьгүй их болж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, банкууд (бүгд биш юм аа гэхэд гайгүйнууд нь) аврагдлаа. Зөв хошгируулбал бас хэрэгтэй л санж.

Шинэ үйл
Рузвельтийн санаачлан хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөрийг түүхэнд “Шинэ үйл” хэмээн нэрийддэг. Тэрбээр шинэ үйлээ боловсруулахдаа их дээд сургуулиудын хамгийн шилдэг багш нарыг ашигласан гэдэг. “Шинэ үйл” гурван гол зорилго тавьсныг англиар Three R буюу гурван R хэмээн товчлон нэрлэдэг. Энэ гурван R бол:
Relief for the hungry and jobless
Recovery for agriculture and industry
Reforms to change the way the economy worked
Монгол хэлээр бол гурван С гэж орчуулж болох юм.
Өлсгөлөн, ажилгүй иргэдийг СЭХЭЭХ
Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг СЭРГЭЭХ
Эдийн засгийн одоогийн байдлыг СОЛИХ гэсэн утгатай.

Шинэ үйлийг шүүмжлэгчид
Юм хийж байгаа хүнийг шүүмжлэх нь хаа сайгүй л байх. Америкийн консервативчүүд ФДР-ыг хэтэрхий их хөтөлбөр явуулж, тэтгэлэг олгон ард түмний амьдралд төрийн оролцоог нэмэгдүүлж, төрөөс хараат болгож байна, энэ янзаараа бол социалист улс болох нь хэмээн шүүмжилж байсан бол нөгөө талынхан нь харин ч эсрэгээр, тусламж маш бага байна гэж байлаа. Франсис Тоуншенд хэмээх нөхөр Шинэ үйлийг шүүмжлэн, 60-аас дээш насны бүх иргэдэд сар бүр 200 ам. доллар олгож байя, энэ мөнгийг татварын мөнгөнөөс гаргана гэсэн санал тавьж байв. Нэг л танил дүр, амлалт байх чинь!

Нийгмийн халамж, ажлын байр
ФДР мэдээж ахмадуудад мөнгө тараах Тоуншендийн саналыг зөвшөөрөөгүй, зөвшөөрөхгүй бол дахиж сонгогдохгүй гэж айгаа ч үгүй, гэхдээ тэр нь настайчуудад дургүйдээ биш юм. Харин ч нийгмийн халамжийн системийг буй болгож, тэдэнд тэтгэвэр тогтоож өгчээ. Yүнээс гадна АНУ-ын засгийн газар тийм ч ядуу биш, тараая гэвэл үнэндээ мөнгө нь бол байж. Гэтэл түүнийг өөр зүйлд зарцуулж, маш том том далан, нүсэр байгууламжуудын бүтээн босголтыг эхэлж, үүний ачаар олон мянган хүн ажил төрөлтэй болж, байдал дээрдсэн байна. ФДР-ын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн маш олон хөтөлбөрийн ердөө хоёр нь л энэ. Өнөөдөр хүртэл түүний Шинэ үйлийн хөтөлбөрүүд хэрэгжсээр байгаагаас жишээлбэл, нийгмийн халамж, тэтгэврийн систем, банкны хадгаламжийг давхар даатган хүмүүсийг эрсдэлгүй байлгах тогтолцоо, хөдөө аж ахуйг дэмжих хөтөлбөр гэх мэт. Алсын хараа гэж энэ дээ.

Удирдагч, гэхдээ дарангуйлагч биш
Ийнхүү Франклин Делано Рузвельт улс орноо хүнд хэцүү цагт маш сайн удирдаж чаджээ. Ер нь тэр үед хүчтэй удирдагч бүхий улсууд ид хүчээ авч байв. Хитлерийн Герман, Муссолинигийн Итали өргөжин тэлж байлаа. ФДР ч АНУ-ын улс төр, нийгмийн амьдралд Ерөнхийлөгчийн үүрэг, Цагаан ордоны эзлэх байр суурийг голлох нөлөөтэй болгосон, хүчтэй лидер. Ганцхан ялгаа нь юу хэмээвээс бусад хүчтэй лидерүүд бүгд удалгүй дарангуйлагчид болон хувирсан бол Франклин Делано Рузвельт тэгээгүй. Тэгэх нөхцөлийг нь ч олгодоггүйд л эдний ардчиллын гайхамшиг оршиж байгаа юм даа.

Мэдээг Үнэн сониноос авав.


0 comments:

Blog: http://soyomboo.blogspot.com
Холбоо барих by Soyomboblog@gmail.com

Visionary WordPress Theme by Justin Tadlock Powered by Blogger, state-of-the-art semantic personal publishing platform