Thursday, December 18, 2008

Тэргүүн шадар сайд 120 хүүхдэд амьдрал бэлэглэсэн солонгосчуудыг хүлээн авч уулзлаа

Зүрхний төрөлхийн гажигтай 120 монгол хүүхдийг өөрийн улсад үнэ төлбөргүйгээр хагалгаанд оруулан амьдрал бэлэглэсэн Солонгос улсын иргэдийг өнөөдөр Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа.






Уулзалтын өмнө манай улсын хүүхэд багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст гар бие оролцон, идэвхи зүтгэл гаргаж байгаа Солонгос улсын Олон улсын Ротари клубын 3630 дүүргийн ерөнхийлөгч Ан Вол Сон, тус клубын 2007-2008 оны ерөнхийлөгч, шүдний эмнэлэгийн захирал Ким Вон Пюу, клубын гишүүн Пек Гуан Хэм, Гвон У Шин нарыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Яамны хүндэт тэмдэг”-ээр шагнасныг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн хамт гардууллаа.

Тус 3630 дүүргийн хувьд өөртөө 106 клубыг багтаасан, дэлхийн олон орныг хамарсан идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага юм. Тэд Монголд үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын “Туул” ротари клубтэй хамтран ажилладаг бөгөөд энэхүү шугамаараа манай зүрхний төрөлхийн гажигтай болон тагнай цоорхой хүүхдүүдэд тусалж, Солонгос улсад мэс засалд оруулдаг байна.

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хэлэхдээ Монгол хүүхдүүдийн амь насыг аврах, тэднийг эмчилж эдгэрүүлэх үйлсэд зүрх сэтгэл гаргаж байдагт талархаж байна гээд хүн хаана, юу хийж байх нь хамаагүй, Монгол Солонгос хэн ч бай сэтгэл зүрх адилхан нэг үйлсийн төлөө цохилж, нэг үйлсийн төлөө зүтгэж байгаад баярлаж явдагаа илэрхийлье гэлээ. Ирэх жил хувьд манай улсаас 30 хүүхдийг хагалгаанд оруулах болоод байгаагаа энэ үеэр Тэргүүн шадар сайдад дуулгалаа.


0 comments:

Blog: http://soyomboo.blogspot.com
Холбоо барих by Soyomboblog@gmail.com

Visionary WordPress Theme by Justin Tadlock Powered by Blogger, state-of-the-art semantic personal publishing platform