Дотоодын нислэгийн 60 хувийг гүйцэтгэдэг “Аэро Монголиа” компани нь өчигдөр Баян-Өлгий аймаг болон Өвөр монголын өөртөө засах орон руу үйлдэх байсан хоёр ч нислэгийн хуваариа цуцаллаа.Тодруулбал, тус компанийн агаарын хөлөг Баян-Өлгий аймаг руу өглөөний 07.00 цагт дотоодын нислэг үйлдэх, мөн Хөх хот руу өдрийн 14.00 цагт агаарын хөлгөө хөөргөх хуваарьтай байжээ. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Гадаадаас авчирсан мэргэжилтэн нислэг хийх зөвшөөрөлгүй нь батлагдсан тул орных нь хүнийг Англиас иртэл нислэгийн хуваариудаа цуцлахаас аргагүй байдалд орсон” юм байна. Гэвч Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн стандарт үйлчилгээний хэлтсийнхэн дээрх мэдээллийг үгүйсгэж, “Гадаадын мэргэжилтний ажиллах хугацаа дууссан тул Англиас ирэх мэргэжилтнийг хүлээж байгаа” гэж тайлбарлав. Мөн “Аэро Монголиа” компанийн Маркетингийн албаны дарга Д.Мөнхтогоо “Техникийн саатал гарч, нислэгийн хуваарийг нэг өдрөөр хойшлуулсан. Маргаашаас /өнөөдөр/ нислэг цагийн хуваарийн дагуу үйлдэгдэх болно” гэж хэлсэн юм. Харин гадаадаас урьж авчирсан мэргэжилтнийг зөвшөөрөлгүй байхад нь ажиллуулсан эсэхийг лавлахад тэрбээр “Гадаадаас авчирсан мэргэжилтний ажиллах хугацаа дууссанаас биш зөвшөөрөлгүй байгаагүй. Англиас ирэх гадаад мэргэжилтний хүүхэд осолд орсноос ирэх хугацаа нь хойшилсон. Түүнээс өөр шалтгаан байхгүй” гэсэн юм.
“Аэро Монголиа” компани нь өнгөрсөн сард 20 шахам ажилтнаа халж, гадаадаас мэргэжилтэн урьж ажиллуулах болсон. Үүнийг ажлаас халагдсан хүмүүс “Хууль бус үйлдэл. Нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж чадахгүй байна” гэж удаа дараа мэдэгдэл хийсэн билээ.


0 comments:
Post a Comment