Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр байгуулагдсаны 30 жилийн ойн баярын өдөр нижгэр гэгч нь болж өнгөрлөө. Нижгэр тэмдэглэхээс ч аргагүй том бүтээн байгуулалт, Монголын төсвийг гол бүрдүүлэгч үйлдвэр гэдэг утгаар нь хөл хөөртэй баярыг нь ойлгож болох юм. Уг ойн баярын ажиллагаанд манай томчууд, дарга сэтэртнүүд бүгд л шахам очсон. Очих нь яахав. Харин тэр үйл ажиллагааны үеэр хачирхаж харамсаад барамгүй нэг явдал болсныг дурдахгүй байхын аргагүй. ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Б.Говорин үг хэлсэн бөгөөд үүнийг нь хэн нэгэн орчуулагч огт хэлмэрчилсэнгүй.
Манай албаны хүмүүс ч эх хэл дээрээ сонсч буй мэт хүлээн авч, толгой дохин алга ташиж байлаа. А.Б.Говорин Оросынхоо харьяаны Буриад ч юм уу, Халимагт ирээд үг хэлж байгаа биш. Тэр тусгаар тогтносон Монгол Улсад албаны үйл ажиллагаанд оролцож байгаа учраас бид ярианых нь утга санааг эх хэл дээрээ хүлээн авч ойлгох ёстой гэсэн энгийн логик л энд байх байсан юм. Дарга даамал нарын орос хэлтэй нь тэндээ л биз, албан ёсны үйл ажиллагаа тусгаар Монгол Улсад орос биш монгол хэл дээр явагдах ёстойд л бүх учир нь байна.
Ер нь бүрэн эрхт Элчин сайдууд тухайн улсынхаа хэлээр ярьдаг, албан ёсны үйл ажиллагаанд усыг нь уусан газрынхаа хэлээр ярьдаг жишиг бий. Японд суугаа манай Элчин сайд П.Жигжид, Францад суугаа манай Элчин сайд Р.Алтангэрэл нарыг тэр нутгийнхаа хэлээр ус цас шиг ярьж байхыг харахад бахархмаар л байдаг юм. Гэхдээ Эрхүүд амбан захирагчаар ажиллаж байгаад Монголд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон А.Б.Говорин хэмээх эрийг монголоор ярина гэж найдаад хэрэггүй биз, тэгэх ч шаардлагагүй. Харин эрхэм Элчин сайд албан ёсны орчуулагчгүй ирлээ гэхэд уг арга хэмжээг зохион байгуулж байгаа манайхан энэ бүгдийг нь зохион байгуулах ёстой байв. Монголын тусгаар тогтнолд халдаж, төрийг доромжилсон энэ явдал гарахад хүргэсэн албан тушаалтнууд арай сийрэгхэн шиг бол сайн дураараа ажлаа өгөх байсан биз. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр байгуулагдсаны 30 жилийн ойн баярыг зохион байгуулах үйл ажиллагаан дээр ийм харамсалтай явдал гарахад хүргэсэн дарга Б.Ганзориг, салбарын сайд Д.Зоригт нар болж өнгөрсөн хэрэг явдлын төлөө огцорсон ч болох юм.
Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны тухай ойлголт бол тусдаа зүйл. Орос, монгол хүүхдүүд гүйлдээд цэцэг навчаа барьж, хоёр орны ард түмний хамтарсан бүтээн байгуулалт гэдэг талаас нь ойн баяраа сурталчилж үзүүлж бололгүй яахав. Харин харь хэл дээр нэг орос нөхөр яриад л, манай бүхий л дарга даамлууд нь чухам ойлгоод л баярлаж алга ташаад л. Харин түүнийг нь улс даяар шууд нэвтрүүлэхийг үзсэн энгийн иргэд чухам ямар оронд амьдарч байна хэмээн эргэцүүлэхэд хүрсэн гэж өөр зуураа ярьж байна. Тусгаар тогтнолд халдаж, улс гүрнийг доромжлоход амархан ажээ. Доромжлуулж байгаагаа мэдэхгүй хүмүүс төр засагт нь байвал бүр ч амар юм байна.


0 comments:
Post a Comment